Бүгд Найрамдах Чех улс Прагийн амьтны хүрээлэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлсээр
27.10.2016 / 08:08 | Aktualizováno: 01.02.2018 / 02:38
(This article expired 31.01.2021 / 01:00.)
Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын Б хэсэгт орших “Тахийн тал” бол устаж үгүй болох аюулд ороод буй нутгийн уугуул төрөл зүйл болох Пржевальскийн адууны Монгол улс дах унаган нутаг байсан бөгөөд одоо ч байгаа хэвээр билээ.
Бүгд Найрамдах Чех улс нь 6 жил дараалан БНЧУ-ын ба Европын бусад амьтны хүрээлэнгүүдээс тахь тээвэрлэн авчрах, бусад дагалдах төслүүдийг хэрэгжүүлэх замаар 2012 оноос хойш уг зэрлэг адууг унаган байгальд нь сэргээн нутагшуулахад тасралтгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Түүнчлэн 2016 онд 4 тахийг Хустайн нуруунаас Говийн Б хэсэг рүү анх удаа тээвэрлэсэн. Эдгээр хүчин чармайлтын ачаар Говь-Алтай аймаг дах тахийн популяцийн тоо толгой 168-д хүрээд байна.
Гэсэн хэдий ч тахийн сүрэг өөрөө биеэ даан тогтвортой өсөж үржих боломжтой болохын тулд дор хаяж 300 тоо толгой болох ёстой. Тахийн сүрэг тасралтгүй өсч байгаа болон уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газруудаас дайжин тахийн нутаг дэвсгэр рүү орж ирж байгаа бусад амьтдын уух усны төлөөх тэмцлийн улмаас үүссэн усны хомсдол нь уг онцгой тусгай хамгаалалттай газрын ирээдүйн тогтвортой байдалд нөлөөлөхүйц чухал хүчин зүйл болж эхэлсэн.
2016 онд БНЧУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн орон нутгийн жижиг төслүүдийн нэг нь Прагийн Амьтны хүрээлэнгийн хамтын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны ундны усны хангамжийг сайжруулах” төсөл байв.
Жилд 100мм хэтрэхгүй бага хур тунадас ордог, орон нутгийн ард иргэдийн усны хэрэглээ хэт нэмэгдсэн болоод дэлхийн дулаарлын улмаас улирлын температурын хэлбэлзэл 75⁰c хүрдэг зэргийн улмаас хамгийн ойрын усны эх үүсвэр болох Биж голын усны түвшин яах ч аргагүй багасаж байгаа тул уг төслийг нэн яаралтай хугацаанд хэрэжүүлэх шаардлагатай байв.
Тулгарсан олон техникийн бэрхшээлийг харгалзахгүйгээр төсөл нь төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд Чехийн геологичдын арвин туршлага, өндөр ур чадварыг ахин нэг баталж өгсөн юм.
Уг шинэ худаг нь тухайн газарт байгаа тахийн популяцийг аврахаас гадна тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй байгаль хамгаалагчид, тэдний гэр бүл, зочдын эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах юм.