B2B хөтөлбөр 2027 – Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн санал хүлээн авах тухай
16.10.2026 / 07:40 | Aktualizováno: 16.10.2026 / 07:50
Чехийн хөгжлийн агентлаг 2027 оны Хувийн хэвшлийн хөгжлийн түншлэлийн хөтөлбөрийн (B2B) хүрээнд буцалтгүй тусламжийн хүсэлт хүлээн авч эхэллээ. Чехийн компаниуд Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах бизнесийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг авах боломжтой. Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа нь Чехийн цагаар 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23:59 цаг байна.
Тус хөтөлбөр нь Чехийн болон орон нутгийн компаниудын урт хугацааны түншлэлийг хөгжүүлэх, технологи, ноу-хау дамжуулах, ажлын байр бий болгох, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулахад чиглэнэ. Төсөл нь хөгжлийн бодит үр өгөөжтэй байх шаардлагатай.
Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй компани, хоршоод санхүүжилтийн хүсэлт гаргах эрхтэй. Монголын компаниуд Чехийн хүсэлт гаргагчийн орон нутгийн түншээр оролцох боломжтой.
Санхүүгийн дэмжлэгийг дараах хоёр үе шатанд олгоно:
· Техник, эдийн засгийн үндэслэл эсвэл бизнес төлөвлөгөө боловсруулах: 500,000 хүртэл чех крон буюу зөвшөөрөгдөх зардлын 50 хүртэлх хувь.
· Төсөл хэрэгжүүлэх: жилд 2,000,000 хүртэл чех крон буюу эхний жилд зөвшөөрөгдөх зардлын 40 хүртэлх хувь, хоёр дахь жилд 30 хүртэлх хувь.
Хүсэлтийг Чехийн хөгжлийн агентлагт шууд гаргана. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй нөхцөл, хүсэлтийн маягт болон хүсэлт гаргах зааврыг B2B хөтөлбөрийн цахим хуудаснаас авна уу.
Монгол Улсад төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргагчид хүсэлтийнхээ талаар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэст мэдэгдэх шаардлагатай. Мөн төслийн санааны талаар тус хэлтэстэй зөвлөлдөх боломжтой. Холбоо барих цахим шуудан: ulaanbaatar.commerce@mzv.gov.cz.