
Хөдөө аж ахуй, ой, байгаль орчны салбарт чиглэсэн Монголын төлөөлөгчдийн айлчлал
19.04.2018 / 05:35 | Aktualizováno: 26.03.2021 / 04:39
2018 оны 4 сарын 7-11-ний өдрүүдэд БНЧУ-д “Хөдөө аж ахуй, ой, байгаль орчны салбарт чиглэсэн Монголын төлөөлөгчдийн айлчлал” хэмээх эдийн засгийн дипломацийг дэмжих төсөл хэрэгжлээ. Төслийн гол зорилго нь чехийн хөдөө аж ахуй, ойн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдхүүнээ экспортлох сонирхлыг дэмжих явдал юм. Төслийг Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын Элчин сайдын яам БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтран бэлтгэсэн билээ. Монголын бизнес эрхлэгчид, Монгол улсын засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНЧУ-руу зорчиж БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны зохион байгуулсан чех-монголын Засгийн газар хоорондын комиссийн 7-р хуралдаанд оролцсон юм.
Монголын бизнес эрхлэгчдийн айлчлалыг Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам БНЧУ-ын Эдийн засгийн танхимтай хамтран БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яамны санхүүжилтийн дэмжлэгээр хэрэгжүүллээ. Айлчлалын хөтөлбөрийг Монгол улсын мал маллагаа, мал аж ахуйн бүтээгдхүүн, ойн түүхий эдийн боловсруулалт зэрэг өнөөгийн шаардлагыг үндэслэн гаргасан болно. Монгол улсын арилжааны компаниуд, ойн холбоод болон судалгаа, хөгжлийн төвийн төлөөлөгчид Брно хотод зохион байгуулагдсан ТЕХАГРО, СИЛВА РЕГИНА үзэсгэлэнгүүдийг үзэж элчин сайдын яамнаас зохион байгуулсан мэргэжлийн семинарт оролцлоо. Тус семинар дээр чехийн Фармтех ХК, Репаросервис ХХК, ПИФСи ЧР болон ойн аж ахуйн хүрээлэнгийнхэн танилцуулга хийсэн байна.
Бизнес эрхлэгчдэд айлчлалынхаа хөтөлбөрийн хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамны зохион байгуулсан чех-монголын засгийн газар хоорондын комиссийн 7-р хуралдаанд оролцох боломж олдсон юм. Тус хуралдаанаар БНЧУ, Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцан хамтын ажиллагааны асуудлаас гадна тодорхой худалдааны төслүүдийг дэмжиж ажиллах талаар ярилцсан бөгөөд бизнес эрхлэгчид БНЧУ-ын Эдийн засгийн танхим болон Үйлдвэр, худалдааны яамнас зохион байгуулсан бизнес форумд мөн оролцсон билээ.
Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл тэргүүлж явсан бөгөөд тэдний дунд Улсын их хурлын гишүүн Н. Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц. Цэнгэл нар байлцсан юм. БНЧУ-ын Эрүүл мэндийн сайд Адам Войтехтэй хоёр талын уулзалт хийснээс гадна Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкый болон ХААЯ, БОЯ, ГХЯ, Чехийн хөгжлийн агентлаг, Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол, чехийн төлөөлөгчид хэд хэдэн салбарт, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт мах, сүү боловсруулах, ойн аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчны төслүүд дээр харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлцгээв.
Засгийн газрын хамтарсан комиссийн хуралдаан болон чех-монголын бизнес форумд Улаанбаатарт суугаа БНЧУ-ын элчин сайдын яамыг төлөөлж эдийн засгийн дипломат хатагтай Ива Шустаакова оролцсон бөгөөд Элчин сайдын яамны зүгээс чех монголын худалдааны харилцааг дүгнэж ярьсан юм. БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минарж, Монгол улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш нар бизнес форумын үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Мэргэжлийн чиглэлээр хийсэн экскурсийн явцад Фармтех ХК, Фруёо ХК, Т Машинери ХК, Свата Барбора дарсны үйлдвэрийнхэн өөрсдийн үйлдвэрүүд дээр Форте майнинг сапплай ХХК, Тэрбум Хас Групп болон Их Хаадын Цуваа хэмээх 3 монгол компаний төлөөллүүдтэй уулзах боломж гарсан юм.
Тус бизнес эрхлэгчдийн айлчлалыг Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский “Монголын төлөөлөгчид чехийн хөдөө аж ахуй, ой, байгаль орчин, уул уурхай, олборлолтын хамгийн сүүлийн үеийн чехийн технологуудтай танилцаж чехийн хэд хэдэн мужийн компаниудтай худалдааны харилцаа тогтоох боломжтой болсон байна. Тус төсөл нь чехийн элчин сайдын эдийн засгийн дипломацийн чиглэлээр явуулж буй яамны өргөн хүрээтэй үйл ажиллагааны хэсэг байсан бөгөөд чехийн хөгжлийн хамтын ажиллагааны Монгол улсад хэрэгжүүлсэн төслүүдтэй арилжааны хэлбэрээр үргэлжлүүлэн уялдуулж байгаа явдал юм” хэмээн дүгнэлээ.
Улаанбаатарт суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамны зүгээс монголын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан чех компаниудын бэлтгэл ажлыг маш өндрөөр үнэлж байна. Чехийн компаниудын монголын түнш компаниудтай уулзах сонирхол их байгаа нь элчин сайдын яамнаас Брно хотод зохион байгуулсан семинар болон БНЧУ-ын Эдийн засгийн танхимын зохион байгуулсан чех-монголын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцсон байдлаас харагдаж байна.
Ива Шустаакова, эдийн засгийн дипломат, Улаанбаатар хотод суугаа БНЧУ-ын ЭСЯ