
Чехийн хөгжлийн агентлагийн захирлын айлчлал
14.06.2018 / 11:48 | Aktualizováno: 26.03.2021 / 05:22
2018 оны 6-р сарын 5-14-ний хооронд Чехийн хөгжлийн агентлагийн захирал ноён Павел Фрэлих 2011-2017 онуудад Монгол Улстай Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн монитооринг хийх зорилгоор Монгол Улсад албан айлчлал хийлээ.
Чехийн хөгжлийн агентлагийн (ЧХА) захирал нь Монгол Улсад тус агентлагаараа дамжуулан БНЧУ-ын Засгийн газраас Гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн, энэ онд хэрэгжиж дуусах “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” болон 4 дэх жилдээ чехийн ойн менежментийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн Шарын гол сумын орчимд хэрэгжүүлж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” 2 төсөлд чиглэн уулзалтуудыг хийлээ. Фрэлих захирал өөрийн айлчлалын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн болон Байгаль орчны яамдын төлөөлөлтэй уулзаж гидрогеологи, усны нөөцийн менежмент, мал бүртгэлжүүлэх, үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн системийг хөгжүүлэх болон хөдөө аж ажуйн салбарт хамрагдах сургалтууд зэрэг чех улсаас хэрэгжүүлсэн хөгжлийн төслүүдийг уузалтуудаараа үнэлсэн юм. Тэрээр чехийн хөгжлийн төслүүдэд оролцсон Монгол Улсын томоохон гурван их дээд сургуулиудаар зочилсон билээ. Үүнд: Хөдөө, аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Дарханы их сургууль байсан юм.
Монгол Улсын хоёр дахь том хот болох Дарханд ЧХА-ын төлөөлөл болон Элчин сайд, Дархан Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэбаттай чехийн ойн аж ахуйн төслийн талаар уулзалт хийж Малын удмын сангийн үндэсний цогцолбороор зочилсон юм.
ЧХА-ын захирлын хөтөлбөрийн дагуу дараагийн уулзалт чехийн хөгжлийн тусламжийн ачаар түлш дамжуулах цехийн шинэчлэл төсөл хэрэгжсэн Улаанбаатар хот дахь 3-р цахилгаан станц болон чехийн Бохэмиа Мюллер компаний хөдөлгүүр, удирдлагын автоматжуулалт, шинэчлэл төсөл хэрэгжүүлсэн дулааны 4-р цахилгаан станц тус бүр дээр болж өнгөрлөө. Энэхүү төсөл дууссан ч Бохэмиа Мюллер компаний төлөөлөгч Мирослав Полак тодорхой арилжааны хэлбэрээр ажиллах сервис, үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Айлчлалын төгсгөлд Европын холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүнтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захиралтай, НҮБ болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөлтэй чехийн ноу-хауг монголын ойн хөгжил, усны нөөц, байгаль орчин хамгаалал, эрчин хүчний үйлдвэрлэл болон нийлүүлэлтэнд, эрдэс түүхий эд олборлолт зэрэгт нэвтрүүлэх боломжтой олон талт төслийн талаар тус тус уулзан ярилцсан юм.
Түүгээр зогсохгүй ЧХА-ийн захирал өөрийн айлчлалын үеэр БНЧУ-ын компаниудтай хамтран B2B хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан Монголын түншүүдтэй уулзсан юм.