Чех технологи Монголын замыг чулуун шигтгэмэл болгоход тусалж байна
09.09.2022 / 12:02 | Aktualizováno: 16.09.2022 / 11:25
Монголын ТАСО компани Чехийн Gestra CZ компаний чулуу боловсруулах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд боржин чулуун шоо үйлдвэрлэх чиглэлээр өрсөлдөгчдөөсөө тэргүүлж байна. Компаний захирал Т.Отгонбаяр болон түүний гэр бүлийнхний нэрийн эхний үсгүүдээс бүтсэн ТАСО нэртэй компани 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эхэндээ зөвхөн солонгос технологи дээр тулгуурлан барилгын хэв хашмал, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг байжээ. Дараа нь барилгын зориулалтаар байгалийн чулуу боловсруулах ажлыг нэмэлтээр эхлүүлсэн. 1990-ээд онд Чехэд айлчилсан эцэг эхийнх нь ярьсан түүх түүнийг ийм санаа гаргахад хүргэсэн байна. Прага хотын үзэсгэлэнт чулуун шигтгэмэл явган хүний замын тухай түүхүүд түүний дурсамжинд үлджээ.
Найз нөхөд нь Око гэж дууддаг ноён Отгонбаяр барилгын салбарт олон жил ажилласан туршлагаараа Монголын барилгын материал/чулууны зах зээлийн цоорхойг мэддэг байв. Тийм ч учраас тэрээр 2015 онд боржин шоо үйлдвэрлэх өөрийн үйлдвэрийг байгуулахаар шийдвэрээ гаргажээ. Хоёр жилийн дараа ордын хайгуул хийх, боржин чулуу олборлох зөвшөөрөл авсан байна. Түүний дараагаар Чех улс руу аялж, түүхээс сонссон боржин чулуугаар шигтгэсэн явган хүний замыг анх удаа ойроос харж чаджээ. Явган замын гоо зүйн өвөрмөц байдал, бат бөх чанар нь түүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр Чехийн чулуу боловсруулах машин үйлдвэрлэгч Gestra CZ компанийг хайн олж тэдэнтэй урт хугацаанд хамтран ажиллах анхныхаа суурийг тавьсан байна. Чехийн хоёр чулуу зүсэгч /бутлагч/-ийн анхны худалдан авалтаас хойш удсангүй энэ нь маш сайн бизнесийн санаа болох нь харагдсан. Компанийн бизнесийн үр дүн нь хүлээлтээс давсан бөгөөд ТАСО компаний боржин чулуун шооны эрэлт хэрэгцээ маш их болж эдгээрийг бүрэн хангахад хүчин чадал нь багадаж эхэлсэн. Үүнээс үүдэн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарч ноён Отгонбаяр Gestra CZ-ийн чехийн машинуудын туршигдсан чанарт дахин бооцоо тавив. Энэ удаад тус компаниас хоёр зүсэгч (43 ба 150 тонн), хоёр ган туузан дамжуулагчаас бүрдсэн иж бүрэн үйлдвэрлэлийн шугам авахаар болсон байна.
TASO одоогоор хэд хэдэн хэмжээтэй цагаан саарал боржин чулуун шоо үйлдвэрлэдэг бөгөөд өдөрт 10,000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ голчлон орон сууцны төслүүдэд нийлүүлдэг бөгөөд шоо чулуунуудыг Чехийн жишгээр зам шигтгэж барихад ашигладаг. Чехийн тоног төхөөрөмж авахад оруулсан нийт хөрөнгө оруулалт нь 200,000 евро юм. Төслийг өөрийн хөрөнгөөр болон хэсэгчлэн Монголын банкны зээлээр санхүүжүүлсэн.
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил хэлэхдээ: "Монголчууд Чехийн үйлдвэрлэлийг болон чанараараа танигдсан брэндүүдийг сайн мэддэг." xэмээжээ.
Отгонбаярын хэлснээр чулууны бизнест амжилт гаргах жор бол түүний компаний өрсөлдөх давуу тал юм. Тэдний үйлдвэрийн боржин чулуун шоо нь чех технологийн ачаар шулуун хэлбэртэй байдаг бол өөр орны тоног төхөөрөмж ашигладаг өрсөлдөгчийн ижил бүтээгдэхүүн чанар муутай боловсруулалттай харагддаг. Энэ нь зүсэгчийн чанараар тодорхойлогддог, хэрэв та хамгийн сайн боржин чулуу үйлдвэрлэхийг хүсч байгаа бол хамгийн сайн технологитой байх ёстой, тэр нь Чехийнх юм гэж ноён Отгонбаяр эцэст нь дүгнэв. Тус компани нь чулуу боловсруулахаас гадна 10 жилийн турш барилгын хэв хашмалыг амжилттай үйлдвэрлэж байна.
Боловсруулсан: Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн дипломатч Вардан Хачатрян.