
Элчин сайдын яам гурван үгт хаягтай боллоо
16.11.2017 / 10:22 | Aktualizováno: 15.02.2018 / 02:43
Хаяг, байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй Монгол улсад what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг 2016 оноос эхлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн билээ. Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3м х 3м квадратад хуваан тус бүрт нь гурван үгийн нийлбэрийг оноон өгсөнөөрөө тун онцлогтой бөгөөд энэ нь огт хаяггүй эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх бүрэн боломжийг олгож байгаагаараа давуу талтай.
Монгол улсад анх 2016 оноос эхлэн үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч Монгол Шуудан ХК-тай хамтран ажиллаж эхэлсэн 3 үгт хаягжилтын технологийг 2017 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол улс дахь БНЧУ-ын ЭСЯ өөрийн үйл ажиллагаандаа албан ёсоор ашиглаж эхэллээ.
3 үгт хаягжилтын системийг одоогоор Монгол улс дахь үндэсний хэмжээний томоохон банк, санхүүгийн байгууллага, хүргэлт, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудаас гадна цахим худалдаа, үйлчилгээ эрчимтэй хөгжиж буй энэ үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд мөн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байна. Одоогоор Монгол улсад энэхүү технологийг ХААН Банк, Монгол Шуудан, Таван Богд Фүүдс гэх мэт байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол олон улсын хэмжээнд хамгийн сүүлд Германы алдарт автомашин үйлдвэрлэгч Mercedes Benz компани 2018 оны шинэ загварын автомашиндаа ашиглаж эхэлсэн байна.
БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский “Монгол улс дахь Чех улсын Элчин Сайдын Яам энэхүү 3 үгт хаягжилтын технологийг ашиглаж эхэлсэн дэлхийн хамгийн анхны Чех улсын Элчин сайдын яам болж байгааг дуулгахад таатай байна. what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг манай элчин сайдын яам ашиглаж эхэлснээр Монгол улс дахь Чех улсын Элчин Сайдын Яамын байршлыг илүү хялбараар олох боломжтой болсноос гадна консулын үйлчилгээг Монгол иргэдээс гадна Монгол улс дахь Чех улсын иргэдэд хүртээмжтэй болгох давуу талтайг мөн онцлох нь зүйтэй юм” хэмээн цохон тэмдэглэлээ. Түүнчлэн тэрбээр тус улсын элчин сайдын яамыг clarifies.politics.dozens эсвэл дагах.эгэл.өгнө гэсэн 3 үгээр олох боломжтой болсоныг албан ёсоор мэдэгдлээ.

Элчин сайд Ийржи Бродский What3words-ын захирал Мөнхболдын Уянгатай ЭСЯ-ны үүдний 3 үгт самбарын дэргэд