Тахийн тав дахь тээвэрлэлтийн талаарх хэвлэлийн бага хурал, номын нээлт

Энэ жилийн тахийн тээвэрлэлт болон Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын ном хэвлэгдсэнтэй холбоотойгоор 2015 оны 7 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Интерном  номын дэлгүүрт хэвлэлийн бага хурал, “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?” номын нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.

 

Тус арга хэмжээнд хэдийгээр наадмын өмнөх үе болон их хурлын чуулганы ид үе байсан ч Монгол-чехийн парламентийн бүлгийн дарга, Их хурлын гишүүн Ж. Батсуурь оролцсон юм. Хэвлэлийн бага хурлыг эрүүл мэндийн шалтгаанаар биечлэн оролцож чадаагүйн улмаас зочиддоо зориулж видео бичлэгээр мэндчилгээ илгээсэн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён М. Бобэкийн нэрийн өмнөөс элчин сайд хатагтай И. Гроллова нээсэн билээ.

Прагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Яна Ондрейхова Тусгай хамгаалалттай Говийн Б бүс рүү тахийн 5 дахь тээвэрлэлт амжилттай болсон талаар товчхон мэдээлэл хийж төслийн зохицуулагч Луцие Веймэлкова төрөл бүрийн асуултуудад хариулсан юм. Жишээлбэл: онгоцонд тохиолдсон тахь маллагчийн шархдалтаас болж онгоц оройтсон, яагаад Монгол улс руу дандаа гүү тээвэрлэж байгаа, Европын бусад улсуудын амьтны хүрээлэнгээс авчирдаг эсэх, аль нь Прагийн амьтны хүрээлэнд үржүүлсэн болон Прагийн амьтны хүрээлэн дахин хир удаан хугацаагаар тахь тээвэрлэн ирэх тухай асуултуудад хариу өгсөн юм. Түүнчлэн амьтны хүрээлэнгийн удирдлагуудын ирэх жил Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил  аялал жуулчлалын яамтай хамтран 10 гаруй жилийн өмнө тахь тээвэрлэж эхэлсэн Говийн Б бүс рүү Хустайн нуруунаас тахь тээвэрлэн аваачих төлөвлөгөө биелэх байх хэмээн найдаж байгаагаа дурьдав. Хааяа олон нийтэд  түгшүүртэй сонсогддог тусгай хамгаалалттай газарт аливаа олборлолт явуулах талаарх мэдээг улсын их хурлын гишүүн Ж. Батсуурь няцааж тусгай хамгаалалттай газрыг улс хамгаалалтандаа бүрэн авсан учраас ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхгүй хэмээн байгаль хамгаалагчдад баяртай мэдээ сонсгов.

“Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?” ном нь Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын бичсэн амьтдын тухай хэдэн арван богино хэмжээний өгүүллүүдээс бүрдсэн бөгөөд тэдгээрийг монгол хэл рүү хөрвүүлж БНЧУ-ын ЭСЯ Сэлэнгэпресс хэвлэлийн газартай хамтран хэвлүүлсэн. Элчин сайд номын хоёрдахь хэсгийг хэвлэхэд дэмжлэг үзүүлж буй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныханд мөн талархлаа илэрхийлэв. Тус яамны дэмжлэгээр хэвлэдсэн номнуудыг хичээлийн шинэ жил эхлэхэд улсын бүх аймаг сумын номын сангуудад тараан өгөх юм.

Мирослав Бобэк тахийг эргүүлэн нутагшуулдаг талаар, прагийн амьтны хүрээлэнгийн тухай болон Монгол улсад байдаггүй дэлхийн олон олон амьтдын тухай тус өгүүллүүддээ бичсэн бөгөөд энэ нь залуу болон нас ахимаг насны уншигчдад нэн ялангуяа амралтаараа аялж явах үедээ болон өвлийн урт орой унтахынхаа өмнө уншихад тохиромжтой бөгөөд давтан уншсанаар илүү шинийг олж мэдэх боломжтой хэмээн элчин сайд хэлсэн үгэндээ дурьдав. Монгол хэл дээрх хувилбарыг уншигчдад илүү ойлгомжтой болгохын тулд маш олон тайлбаруудыг хийж түүгээр ч зогсохгүй Монголын алдарт уран бүтээлч Б. Дэнзэн тайлбар зургуудыг дүрслэн зуржээ.

Чех хэлний сайн мэдлэгтэйгээ харуулаад зогсоогүй өөрийн байгалийн шинжлэх ухаан, газарзүй, түүхийн мэдлэгээ ч нэмэрлэсэн орчуулагч Сайхнаад гүн талархлаа илэрхийлье. Мөн номыг хэвлэхэд болон тахь тээвэрлэхэд хувь нэмрээ оруулж тусалсан элчин сайдын яамны ажилчид болох Цэрэн, Монголмаа нарт талархлаа илэрхийлж байна.   

 

 

Galleries