Хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ

2012 оны 5 сарын 14-ний өдөр чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд байгуулж байгаа хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо боллоо.

2012 оны 5 сарын 14-ний өдөр чехийн хөгжлийн хамтын ажиллагааны "Дорноговь аймагт ургамлын аж ахуйг дэмжих" төслийн хүрээнд байгуулж байгаа хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо боллоо. Түүнчлэн аймгийн хэд хэдэн сумдаас сонгогдсон "Farmer Field Schools" хоршоодын төлөөлөгчдөд зарим нэгэн жижиг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тус арга хэмжээнд БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн хэлтсийн дарга П. Жакова, Дорноговь аймгийн засаг дарга П. Ганхуяг, хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгч П. Мурон, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Н. Оюунсувд, Монголын ХАА хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д. Чулуунбат нар болон хэвлэл мэдээллийнхэн оролцов. Монголын талын төлөөөлөгчид БНЧУ-д төсөл хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Төслийг чех улсын Пийпл ин Нийд төрийн бус байгууллага 2011-2012 оны хооронд нийт 10,1 сая чех кроны өртөгтэйгөөр хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд байгуулсан энэхүү хөдөө аж ахуйн парк нь зөвлөгөө өгөх сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахад зориулагдсан бөгөөд тусгай хашаагаар хамгаалж, нөөцийн сав бүхий гүний худаг, тариалангийн талбай, хүлэмжүүд, үр тариа, ургац хадгалах зоорь, зарим тоног төхөөрөмжүүдээс /трактор гэх мэт/ бүрдсэн байна. Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна одоо үйл ажиллагаагаа явуулж буй 6 хоршоодод тоног төхөөрөмж нийлүүлэх юм.

Үүнээс өмнө БНЧУ-аас Дорноговь аймагт мөн ургамлын аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 18,2 сая кроны өртөг бүхий 3 төслийг 2006-2010 онуудын хооронд хэрэгжүүлсэн байдаг.

 

Galleries


sainshand