монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Gogo.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Gogo.mn-д ярилцлага өглөө

Элчин сайд Ийржи Бродский ажил эрхлэх зорилгоор виз хүсэгчдийн ярилцлагын тов авах журамд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Gogo.mn-д ярилцлага өгөв.

БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский: Шенгений визийн төв байгуулахаар ажиллаж байна

Сэтгүүлч О.Ариунбилэг 

БНЧУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский ажлаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Тэрээр “намайг ирэхэд иргэд Чехийн элчин сайдын яамны гадаа, бидэнтэй холбогдох боломжгүйгээр зогсож байхыг харсан. Тиймээс хаалгандаа хонх, камер байрлуулж, иргэдтэй шууд холбогдон, дотогш нэвтрүүлэн ярилцдаг болгосон. Өвөл болохоос өмнө амжиж гадаа дугаарладаггүй болгох юмсан хэмээн ажиллаж байна” гэсэн юм.

Мөн Элчин сайд “1000 еврогоор виз гаргаж өгнө гэх мэт хуурамч зар байхыг харсан. Хэрвээ ийм зар харвал, ийм хувь хүн таарвал шууд ЭСЯ болон цагдаад хандах хэрэгтэйг сануулж байна. Хууль бусаар иргэдийг луйварддаг энэ мэт ажиллагаатай хатуу тэмцэх болно” гэлээ.

ЧЕХЭД АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЧЕХ КОМПАНИАР ДАМЖУУЛАН ЯРИЛЦЛАГЫН ТОВ АВАХ БОЛОМЖТОЙ

Чех Улсад өдгөө 8000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Өнгөрсөн жил чехийн ЭСЯ Монгол Улсаас нийт 724 ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авчээ. Тиймээс энэ жилээс Монгол Улсад зориулсан тусгай горимыг эхлүүлж байна. Тус горимоор энэ жил хоёр дахин их санал хүлээн авах боломж бүрдүүлж байгаа юм. Энэ нь  Монголоос ажил эрхлэлтийн картаар нэг жилд 1000 өргөдөл хүлээн авна гэсэн үг юм. Элчин сайдын яам өргөдлийг хүлээн авах хэдий ч өргөдлийн ярилцлагын товыг ажил олгогч олгоно. 

Тусгай журам боловсруулсан тул, журмыг дагах шаардлагатай гэдгийг сануулъя. Элчин сайд Ийржи Бродский:

-Нийт 1500 өргөдлийн 1000-ыг нь Чех Улсад үйл ажиллагаа явуулдаг, тус улсын Үйлдвэр худалдааны яамны шаардлагыг хангасан компаниуд илгээнэ. Тухайн компани өөрийн компанид ажиллах хүсэлтэй байгаа иргэдтэй өөрсдөө холбогдож, улмаар визэнд орох ярилцлагын товыг  компани өөрөө өгч, визний өргөдлөө өгөх боломжоор иргэнийг хангана. Эсвэл монголын иргэн өөрөө судалж үзээд, өөрөө тухайн компанид өргөдлөө өгч холбогдох боломжтой болсон.

Тухайн Чех компани Үйлдвэр худалдааны яамныхаа шаардлагыг хангасан байх ёстой. Компани зөвшөөрлөө Үйлдвэр худалдааны яамаар дамжуулаад, бүртгэлд хамрагдана. Тэр компанид зөвшөөрөл олгосон тохиолдолд монгол иргэд ярилцлагын тов авах боломжтой. Ажилд авах сонирхолтолтой компани өөрийн жагсаалтаа Чех Улсын Үйлдвэр худалдааны яаманд өгнө, Үйлдвэр худалдааны яам Гадаад хэргийн яаманд, Гадаад хэргийн яам манай Элчин сайдын яаманд жагсаалтыг өгнө. Ингээд ирсэн ярилцлагын товоороо тухайн иргэн Элчин сайдын яаманд ирж, ярилцлагад орно. Товлосон хугацаанд ирээгүй бол тэр хүсэлт хүчингүй болно.

Энэхүү шинэ журам өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Манай Элчин сайдын яам эхний бүртгэгдсэн иргэдийн нэрийг хүлээж авсан, визийнхээ өргөдлийг өгөх он, сар, өдрийг нь олгосон.

Монгол Улсын иргэд дараах зүйлийг мэдээсэй гэж хүсч байна. 

1. Хууль бус үйлдэл хийж байгаа зуучлагч нартай тэмцэнэ. Яагаад гэвэл энэ үйл ажиллагаа манай ЭСЯ-ны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. 

2. Чех Улсын компаниас сонгогдсон иргэд ярилцлагын товоо асуухаар ЭСЯ-тай холбогдох шаардлагагүй. Мөн хэн нэгэнд мөнгө төлөх шаардлагагүй. Бидний тооцоолж байгаагаар компаниар дамжуулж өргөдлөө өгч байгаа тохиолдолд хариу иртэл хагас жилийн хугацаа шаардлагатай болов уу. Тиймээс ярилцлагын товоо хараахан аваагүй бол тов ирэх хүртэл Чехийн талаар судалгаа хийх, чех хэл сурахад цагаа зарцуулахыг хүсч байна. 

Элчин сайд Ийрж Бродский ийнхүү ярьсан юм. Чехийн компаниуд монгол иргэдийг ажилд авах сонирхолтой байдаг талаар тэрээр дурдсан. Учир нь манай иргэд хэл хурдан сурдаг, гарын ур дүй сайтай, хариуцлагатай, томоохон гэмт хэрэгт иргэд нь өртдөг улсын тоонд ордоггүй байна. Гадны иргэд чехийн хөдөө аж ахуй, хүнсний салбар, оёдол болон автомашины компаниудад ажилладаг. Чех улсад ажилладаг гадны иргэдийн цалин дунджаар 2,6 сая төгрөг байдаг ажээ.

Дээр дурдсан 1000 өргөдөл гаргагч Чехийн компаниудаар дамжуулах бол үлдсэн 500 өргөдөл гаргагч өмнөх журмаар утсаар цаг авах аж.

Мөн Элчин сайд Ийрж Бродский монголын бизнес эрхлэгчид Чех Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, хоёр улсын худалдааны бодлогыг өргөтгөхөд дэмжин ажиллах болно гэлээ.

ШЕНГЕНИЙ ОРНУУДЫН ВИЗИЙН ТӨВ НЭЭНЭ

Чехээс гадна 5 Шенгений улс руу зорчих визийн өргөдлийг хүлээн авч төлөөлөн ажилладаг. Энэ талаар тэрээр: 

-Бидний өргөдөл хүлээж авах хүчин чадлаас давсан олон тооны виз мэдүүлэгчдийн гомдлыг би ойлгож байна. Бид Шенгений виз мэдүүлэгчдэд тусгай дугаараар залгаж ярилцлагын цаг авах боломжийг олгох систем нэвтрүүлсэн.

Тус дуудлагын яриаг хянаж, бичлэг хийн, Гадаад хэргийн яам руугаа шалгуулахаар илгээдэг. Бичлэгийг 3 жил архивт хадгалдаг.  Энэ бүртгэл бидний харж байгаагаар боломжийн бөгөөд виз авахыг хүсч буй хэн ч холбогдсон ярилцлагын тов авах боломжтой.

Мэдээж хэрэг хүн бүхэн холбогдох боломжгүй гэдгийг бид ойлгож байна. Иймээс бид энэ оны сүүлээр Визийн төв нээж, шинэ систем нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Тус төв Шенгений виз хүсч буй монгол иргэд зөвхөн Элчин сайдын яаманд мэдүүлэхээр хязгаарлагдалгүй, визээ мэдүүлэх боломж олгох юм. Бид нөхцөл байдлыг сайжруулахыг хүсч байна. Зүйрлүүлж хэлэхэд 1 урсгалтай зам дээр маш олон машин байна. Нэг хоёр хоногийн дотор тухайн замыг өргөжүүлэх боломжгүй юм. Тодорхой цаг хугацаа шаардлагатай.

Утсаар цаг авахдаа олон иргэн холбогдож чаддаггүй тул “төчнөөн евро төлвөл утсыг нь холбож өгнө” гэх мэтээр залилдаг. Элчин сайдын яамны ажилтнууд хэн, хэзээзалгаж буйд нөлөөлөх техникийн ямар ч боломж байхгүй. Тэг боломжтой гэж хэлмээр байна. Энэ тохиолдолд шууд цагдаагийн газарт хандах хэрэгтэй.

Шинэ визийн төв илүү олон хүнд Шенгений визийн өргөдөл өгөх боломж олгохоос гадна чехийн элчин одоо 7 хоногт хүлээн авч буй 54 Шенгений визийн өргөдлөө үргэлжлүүлэн хүлээн авна. Шенгений виз өөрийн гэсэн дүрэм журамтай. Түүнд өөрчлөлт орохгүй.

Жич: Ярилцлагын зарим хэсгийг Элчин сайд Ийржи Бродскийн МҮОНТВ-д өгсөн ярилцлагын хэсгээс авч ашиглав. Та бүхэн ЭНД ДАРЖ тэрхүү ярилцлагыг унших боломжтой.  

Ярилцлагын эх сурвалжийг эндээс харна уу.