Чехийн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн
24.09.2025 / 03:21 | Aktualizováno: 24.09.2025 / 04:15
Улаанбаатар – Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хашаан дээр "Czech Nature Photo" үзэсгэлэн ёслол төгөлдөр нээгдлээ. Энэхүү нэр хүндтэй уралдаан нь байгалийг гэрэл зурагт буулгах чиглэлээр мэргэшсэн Чех гэрэл зурагчдад зориулагдсан бөгөөд тэдний бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаас гадна байгаль орчноо хамгаалахад нь урам зориг өгөх зорилготой юм.
"Би дөнгөж сая Говиос ирлээ. Говь надад өөрийн гайхамшигт гоо үзэсгэлэн, уудам орон зай, давтагдашгүй уур амьсгалаараа гүн сэтгэгдэл төрүүлсэн. Үүний зэрэгцээ би байгаль маань зөвхөн Монголд төдийгүй, Чехэд, дэлхий даяар дүр төрхөө алдаж байгааг илүү ихээр ойлгож байна. Байгалийг яг байгаагаар нь баримтжуулж, ирээдүй хойч үеийнхэнд зургаар ч болов үлдээх нь гэрэл зурагчин бүрийн үүрэг. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн нь Монгол болон Чехийн гэрэл зурагчдын хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт би итгэж байна." Хэмээн "Czech Photo"-гийн захирал Вероника Соуралова хэлсэн үгэндээ дурьдлаа.
Улаанбаатар дахь энэхүү үзэсгэлэнд тус уралдааны ес дэх удаагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байгаа бөгөөд түүний оргил үе нь 2025 оны 4 дүгээр сард Прагийн цайзад болсон “Байгаль ноёрхож буй газар” нэртэй үзэсгэлэн байв.
Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн дунд Игор Микула, Ростислав Штефанек, Петр Бамбоусек, Вит Лукаш, Виктор Врбовский, Мартин Веселый, Ян Роженал, Патрициа Робенкова болон бусад уран бүтээлчид багтаж байна.
Энэ төсөл нь Монгол дахь Чехийн Элчин сайдын яамны соёлын хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Прага хотын орчин үеийн уран зургийн галерей болох “Czech Photo Centre”-тэй хамтран хэрэгжүүлсэн юм. Энэхүү төв нь 2016 оноос хойш үзэсгэлэн, сургалт зохион байгуулж, мөн “Czech Press Photo”, “Czech Nature Photo” гэсэн хоёр нэр хүндтэй гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулсаар иржээ.
Үзэсгэлэн нь Монголын үзэгчдийг Чехийн ой модноос эхлээд уулсын үзэсгэлэнт байгаль хүртэлх байгалийн гоо үзэсгэлэн, олон талт байдал, эмзэг байдлыг, тэргүүлэх Чех гэрэл зурагчдын нүдээр харуулсныг олж харахыг урьж байна.