монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Улаанбаатар хотод “Чех фестиваль” зохион байгуулж Чех-Монголын дипломат харилцааны 75 жилийн ойг санан дурслаа

2025 оны 6-р сарын 7-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны байрны гадна талбайд  “Чех фестиваль” нэртэй хоёр дахь удаагийн баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм.

Баярын хөтөлбөр бямба гарагийн өглөө эхэлж орой хүртэл үргэлжилсэн бөгөөд Чех болон Монгол Улсын нөхөрлөл, хамтын ажиллагаанд чиглэсэн олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд болж өндөрлөлөө. Монголын Консерваторын амьд хөгжмийн тоглолт, жазз квартетын үзүүлбэр болон домогт “Шар Айраг” хамтлагийн тоглолтууд баярын уур амьсгалыг улам сайхан хөгжилтэй болгов. 

Чех болон Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зочдод зориулан чехийн уламжлалт хоол хүнс, шар айраг зэргийг амтлуулах хүнсний лангуунууд байрлуулсан. Үзэсгэлэн худалдаагаар чехийн шилэн эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, ном орчуулга, аялал жуулчлалын зөвлөгөө зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

Хүүхдүүдэд зориулан үсэрдэг цамхаг, өнгөт шохойгоор зурах тэмцээн зэрэг хөтөлбөрүүд бэлтгэсэн байв. Арга хэмжээ нийтдээ найрсаг, тайван уур амьсгалтайгаар үргэлжилж, ирсэн зочид маш сэтгэл хангалуун баяр  баясгалантайгаар оролцсон юм. Хөгжмийн хэсэг нь монгол, чех болон словак хөгжмийг хослуулан эцэст нь DJ сет-ээр өндөрлөсөн.

Тайзнаа арга хэмжээнд оролцсон түншүүд өөрсдийнхөө бүтээгдхүүн үйлчилгээг танилцуулж, хүүхэлдэйн театрын үзүүлбэр тавигдаж мөн “Лидицегийн олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн”-гийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан. Энэ үйл явдалд Улаанбаатарт амьдарч буй монголчууд болон гадаадын нийтдээ  1,000 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Чех-Монголын харилцааг бэхжүүлэх, мөн чехийн соёл боловсролыг сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.