Dr. Müller Pharma компани Улаанбаатарт салбараа нээлээ. Монголын эрүүл мэндийн салбарт Чехийн ул мөр хүчээ авч байна.
13.11.2025 / 08:47 | Aktualizováno: 24.11.2025 / 09:39
2025 оны 10-р сарын 16-нд Улаанбаатар хотод Чехийн Dr. Müller Pharma s.r.o. компанийн салбар нэгжийн нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тус нээлтэнд Чех Улсын Сенатын орлогч дарга Ийтка Сейтлова, Чехийн Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый болон Улаанбаатар дахь Чехийн Элчин сайд нар орлоцож арга хэмжээний туузыг компанийн ерөнхий захирал Владимир Мюллер болон Монгол дахь салбарын захирал Цогоогийн Ганцэцэг нартай хамтран хайчилсан бөгөөд ёслолын үйл явцыг гадаад харилцааны захирал Ийржи Хансел зохион байгуулсан юм. Нээлт нь Чехийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж Dr. Müller Pharma компаниас дэмжин оролцсон Чехийн улсын баярын хүлээн авалтын өмнө болсон. Энэхүү үйл явдал нь Чехийн Эдийн засгийн танхимын бизнесийн төлөөлөгчдийн хамт Монголд хийсэн айлчлал хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд айлчлалын хэдэн жилийн үйл ажиллагааны үр дүн юм. Dr. Müller Pharma нь 30 гаруй оронд бүтээгдхүүнээ экспортолж байгаа бөгөөд Монгол Улсад жоргүй худалдаалах эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, арьс эмчилгээний гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлж байна.
Зах зээлийн тухай: Хэмжээ, бүтэц ба эрэлт хэрэгцээ
Монголын эмийн зах зээл нь импортоос нилээд хамааралтай. 2023 онд Монгол Улсад эмийн бүтээгдэхүүний (HS 30) импорт нь ойролцоогоор 168 сая ам.доллар байсан бөгөөд гол эрэлт нь Улаанбаатар хотод төвлөрсөн. Сектор нь ихэнхдээ хувийн хэвшлийнх бөгөөд жижиглэн худалдааны сүлжээ нь нягтрал ихтэй байдаг. Мэргэжлийн хяналт болон статистикаар 2021 оны эцэст Монгол Улсад 2,822 эм зүйн байгууллага байсан бөгөөд үүнээс 2,335 нь эмийн сан байжээ. 2022 оны эцсийн байдлаар холбогдох байгууллагын статистикаар 2,595 эмийн сан ажиллаж байсан байна. Экспортлогчид болон үйлдвэрлэгчдэд энэ нь өргөн боловч өрсөлдөөнтэй жижиглэн худалдааны сувгийг илэрхийлж, чанар, хүртээмж, эмийн сангийн мэргэжлийн ажилтнуудтай харилцан ажиллах чадвар чухал үүрэгтэй байдаг. Эрүүл мэндийн салбар ерөнхийдөө дэмжлэгтэй хэвээр байна. ДЭМБ-ын мэдээлснээр, 2022 онд эрүүл мэндийн салбарт зарцуулсан нийт зардал нь ДНБ-ийн 9.25%-тай тэнцэж байсан бөгөөд эрүүл мэндийн зардлын бараг хагас нь Улаанбаатар хотод төвлөрч байгаа нь Улаанбаатарт байрлах нь чухлыг онцолж байна.
Зах зээлийн зохицуулалт: Мэдэх ёстой зүйлс
2024 оны 6-р сарын 5-нд батлагдаж 2024 оны 10-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн шинэ эмийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хууль нь лицензийн горимыг хялбаршуулж, зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон. 2025 оны 5-р сарын 26-нд энэ хуулийг дагаж мөрдөх журмууд батлагдаж, эмь тэдгээрийн идэвхт найрлага, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хүнсний нэмэлтүүдийг бүртгэх талаархи нарийвчилсан зааварчилгаа гарсан. Үүний үр дүнд үйл явц илүү тодорхой болсон ч баримт бичгийн болон орон нутгийн шаардлагад илүү өндөр шаардлага тавигдах болсон.
Гадаад үйлдвэрлэгчдэд чухал нь, бүртгэл болон импорт хийхдээ орон нутгийн "импорт–ханган нийлүүлэлт"-ийн зөвшөөрөлтэй байгууллагаас тусламж авах шаардлагатай. Үүнийг шийдэхийн тулд тухайн оронд охин компани эсвэл албан ёсны төлөөлөгчийн газартай болох нь энгийн явдал юм. Мөн эмийн хэрэглэх заавар нь монгол хэл дээр байх ёстой бөгөөд сав баглаа боодол болон тэмдэглэгээг тогтоосон шаардлагад нийцүүлэх шаардлагатай. Эдгээр шаардлагуудыг бүтээгдэхүүний портфолио, бүтээгдэхүүний зураг төслийг төлөвлөхдөө анхаарч үзэх нь зүйтэй.
Яагаад орон нутгийн салбар нь давуу талтай вэ - мөн бусад Чехийн компаниудад үлгэрлэж болох загвар
Салбар нээх нь экспортын загвараас тогтвортой арилжааны оролцоонд шилжихийг илэрхийлнэ. Монголын нөхцөлд үүний гурван практик давуу тал бий. Нэгдүгээрт, бүртгэлийн процессийн хурдан гүйцэтгэл болон зохицуулагчтай илүү сайн харилцаа. Хоёрдугаарт, хувийн хэвшлийн жижиглэн худалдааны орчинд дистрибюторууд болон эмийн сангуудын үйлчилгээг илүү найдвартай хүргэх. Гуравдугаарт, жоргүй олгогдох бүтээгдхүүн болон арьс гоо зүйн косметикийн хувьд чухал мэргэжлийн сургалт болон маркетинг хийх боломж. Dr. Müller Pharma компанийн туршлага нь орон нутгийн субьект, давтагдсан Б2Б айлчлалууд, орон нутаг дахь түншүүдтэй хамтран ажиллах нь "анхны дээж" -ээс тогтвортой борлуулалтад шилжихэд тусалдаг гэдгийг харуулж байна.
Чехийн экспортлогчдод зөвлөмж
Монгол Улсад орж ирэх гэж буй компаниудад хэд хэдэн алхам хийх нь ашигтай. Эхлээд бүртгэл болон лицензийн шаардлагуудыг тодорхойлж, баримт бичиг, сав баглаа боодлын хэлний шаардлагуудыг шалгах, өөрийн салбар нээх эсвэл импорт–ханган нийлүүлэлт лицензтэй төлөөлөгчтэй хамтран ажиллах нь илүү тохиромжтой эсэхийг шийдвэрлэх. Үүний дараа Улаанбаатар хот дахь түгээмэл эрэлтийн сувгуудыг судлах, эмийн сангууд болон гол дистрибюторуудтай холбоо тогтоох нь чухал. Худалдааны хувьд эдийн засгийн дипломатын платформд үндэслэн, Чехийн Эдийн засгийн танхимын бизнесийн айлчлалуудад оролцох, ЭСЯ-ны тусламжтайгаар зохицуулагч, холбоо, эмнэлгийн байгууллагуудтай харилцаа тогтоох нь сайн үр дүнд хүргэдэг.
Улаанбаатарт Чехийн ЭСЯ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Чехийн компаниудад зохицуулалтын талаарх мэдээлэл, дистрибьюторуудын холбоо барих мэдээлэл, зах зээлийн оролцогчдод амжилттай оролцох талаар зөвлөмж өгөхөд бэлэн байна.
