монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чех улсаас монгол улс руу 2015 онд хийгдсэн тахийн тээвэрлэлт амжилттай боллоо

Дахин тахийн 4 гүү Монгол улсад эрүүл энх нисэж ирлээ

2015 оны 7 сарын 5-ны өдрийн орон нутгийн цагаар 15.45-д 4 тахь тээвэрлэсэн  чехийн цэргийн КАСА онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх онгоцны буудалд амжилттай газарджээ. “Энэ жилийн зэрлэг адуу нутагшуулалтын хувьд чехэд их халуун байсан болон монголд ихээхэн бороо орсны улмаас төвөгтэй байсан” хэмээн зэрлэг адууг Монголд эргүүлэн нутагшуулах төслийн санаачлагч Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк хэлж байлаа. Дараагийн бас нэг хүндрэл бол нислэгийн явцад маллагч эмэгтэйд Рабеа гүүний учруулсан бага зэргийн гэмтлээс үүдэн урьд жилийн тээвэрлэлттэй харьцуулахад хэдэн цагаар уртассан явдал юм. Гэвч бүх муу юм зарим нэгэн зүйлд сайнаар нөлөөлдөг гэгчээр гүүнд хазуулсан тахь маллагчид Новосибирскэд оросууд маш эелдгээр эмнэлгийн тусламж үзүүлж байх хооронд Ховдод тэнгэр цэлмэж Булган сумын шороон зурвас бүхий нисэх буудалд онгоц маань амжилттай газардсан юм. Тээвэрлэлтийн өмнөх хэдэн 7 хоног Монголын баруун хэсэгт үргэлжлэн орсон аадар борооны улмаас үүссэн замын нөхцөл байдлаас шалтгаалан тахь ачсан машинууд 100 орчим км тойрч явах болсон нь газрын тээвэрлэлтийг нэлээд удаашруулсан юм.

36 цагийн амаргүй аян зам дуусч Куарида, Рабеа, Кийра, Парадайс хэмээх тахийн гүүнүүдийг бүтэн сайнаас даваа гарагт шилжих шөнө Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу оруулан нутагшуулав. Дараачийн өдөр нь дасан зохицуулах хашаанаас өнгөрсөн жил тээвэрлэн авчирсан Грэтэл, Баян, Улла гүүнүүдийг онгон байгаль руу суллан гаргасан юм.

Энэ жилийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд  БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын дарга ноён Хинэк Кмоничек  оролцсон бөгөөд тэрээр “Морь бол Монголын сүр сүлд. Зэрлэг адууг Монголд эргүүлэн нутагшуулснаар Говьд өөрийнх нь хэсэг  сүлд хийморийг нь буцаан өгч байгаа юм. Прагийн амьтны хүрээлэнгийнхний болон чехийн армийн нисэгчдийн ачаар энд бид  хойч үедээ хамгийн сайхан харилцааны нэгэн зүйлийг үлдээж байгаа явдал билээ” хэмээн хэлсэн үгэндээ дурьдсан юм.

Тээвэрлэлтийн явцыг чехийн үндэсний телевиз, Прима телевиз болон чехийн радиогийнхан дагаж бичлэг хийсэн.

Ийнхүү Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн БНЧУ-ын армитай хамтран БНЧУ-аас Монгол улс руу нийт 19 тахийг тээвэрлэн авчраад байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр тохиож буй энэ онд тус тээвэрлэлт явагдаж түүнчлэн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М. Бобэкийн амьтдын болон тэдгээрийг хэрхэн хамгаалах талаар бичсэн богино хэмжээний өгүүллүүд монгол хэл дээр орчуулагдан “Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ” нэртэйгээр хэвлэгдэн гарч тохиож байгаа нь тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж байгаа юм. Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн тээвэрлэлт хийгээд буцаж очмогцоо Монгол улсад өнгөрсөн зууны 50-иад оны өмнөх үед байсантай адил тахийн сүрэг өөрсдөө бие даан үржиж амьдрах чадвартай болгох тал дээр туслахаар дараа жилийнхээ тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна. 

Galleries