Чехийн геологийн албаны хэрэгжүүлж буй төслийн явцын семинар боллоо
24.05.2015 / 06:33 | Aktualizováno: 26.03.2021 / 05:57
БНЧУ-ын Засгийн газраас санхүүжүүлэн Чехийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болох “Монголын баруун хэсгийн сонгогдсон бүсэд 1:50 000 масштабтай геологийн газрын зураглал хийж, эдийн засгийн потенциалыг тодорхойлох” (товчоор “Монгол Алтай -50”) төслийн явцын семинар 2015 оны 5-р сарын 20-нд Ашигт малтмалын газар (АМГ)-ын байрны хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Чехийн геологийн албаны экспертүүд тус арга хэмжээнд оролцсон АМГ-ын ажилчид, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн багш, оюутнууд болон бусад хүмүүст зориулан илтгэл тавив.
Уг арга хэмжээний гол зорилго нь төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл олж тогтоосон зүйлс ба ололт, анхдагч үр дүн болох 5 хуудас геологийн зураглалыг танилцуулах явдал байсан бөгөөд энэ үеэр 2013-2014 онуудад хийгдсэн хээрийн ажлыг хамарсан үе шатны тайланг төслийн удирдагч Владимир Жачек АМГ-т албан ёсоор гардуулан өгөв.
АМГ-ын Геологийн албаны Дарга Д.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ уг төсөл нь ач холбогдлыг мэргэшлийн болон эдийн засгийн үүднээс цохон тэмдэглэж, улмаар төсөл хэрэгжүүлэгчдэд талархал илэрхийлсэн юм. Геологийн чиглэлийн нэр хүндтэй судлаач болох ШУТИС-ийн Профессор Д.Гэрэл уригдан оролцож БНЧУ болон Монголын хоорондын он удаан жилийн хамтын ажиллагааны талаар танилцуулахын сацуу энэхүү төсөл нь залуу геологичдыг сурган дадлагажуулах, геологийн зураглал боловсруулах ноу-хауг шилжүүлэхэд маш чухал болохыг онцлов. Геохимиэс эхлээд электрон-өгөгдлийн сан хүртэл геологийн зураглалын өөр өөр дэд чиглэлээр мэргэшсэн Чехийн 6 эксперт өөрсдийн мэргэшлийн мэдлэг, туршлагаа ашиглан өөрсдийн олж илрүүлсэн үр дүнг танилцуулав. Монгол дах Чехийн Элчин сайдын яамны Зөвлөх Монголын үндэсний телевиз (МҮОНРТ)-ийн сурвалжлагчид ярилцлага өгөв.
Одоогийн байдлаар төсөл 2 жил амжилттай хэрэгжээд байгаа бөгөөд энэ жил дуусах юм. 2015 онд тус төсөл Монгол Алтайн нурууны (Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан болон Зэрэг сумдын нутагт орших) сонгогдсон газар дах ашигт малтмалыг хайн илрүүлэх замаар арилжааны зориулалттай буюу эдийн засгийн геологид гол анхаарлаа хандуулах юм. Төслийн эцсийн тайланг Монголын талын түнш болох АМГ-т 2016 оны 4-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус төсөл нь 1996 оноос өдийг хүртэл Монголын эдийн засгийн олон салбарт 49 сая ам.доллар давсан санхүүжилтээр хэрэгжүүлээд буй БНЧУ-ын уламжлалт хөгжлийн хамтын ажиллагааны нэг хэсэг юм.